Сургалтын блог

2012-03-07

Г.Сэр-Од

Ангилал: Шүлэг
1.    ГОМБЫН СЭР-ОД    Монгол яруу найргийн нэгэн содон төлөөлөгч 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг тэр цагийн олонд их л алдартай Дарь эхийн сүмийн ойролцоо ядуу малчин бүсгүй нь гэрт мэндэлжээ. Хөвгүүнийг Гомбын Сэр-Од хэмээн нэрлэсэн бөгөөд тэр хүү  дөнгөж 23 насалсан боловч монгол хэлт яруу найргийн түүхэнд арилшгүй мөрөө тодоор үлдээх хувьтай нэгэн байжээ.   Бага насандаа ядуу бэрх амьдралыг туулсан хөөрхий хүү эхийн хамтаар Дарь эхийн сүмийн малыг  хариулж амь зуулгаа залгуулж явсан гэдэг.     Нэгэн сонин түүх өгүүлбээс түүнийг төрөхөөс 11 жилийн өмнө мөнхүү хийдийн хамба дөнгөж төрсөн нэгэн хөвгүүний хувь тавилан, заяа төөргийг үзээд “ хожим их номтой хүмүүн болох хувьтай хүү байна. Ухаан суух насанд нь хийдэд шавилуулж, хуврага болговол зохино гэсэн нь ХХ зууны монголын их соён гэгээрүүлэгч, билгүүн номч Бямбын Ренчин байсан ажээ. Монголын уран зохиолын хоёр содон ертөнц хүүхэд ахуй насандаа нэг нь Дарь эхийн сүмд шавилахаар түвд, монгол хэл бичигт суралцаж, харин нөгөө нь сүмийн мал хариулан гүйж явжээ.   Г.Сэр-Од шинэ цагийн эхэнд сургууль номын мөр хөөж, нэгэн цагт Цэдэнжав зохиолчийн шавь гэгдэн, уран зохиолын амтанд орж, шүлэг дуулал зохиож, хожим багш нь шавийгаа “улстөрийн дайчин дуу хоолойгүй, уран найруулахаас хэтрэхгүй шүлэгч” хэмээн хатуугаар дүгнэж байлаа. Ном эрдэмд шимтэн суралцаж, эртний түүх –уран зохиолын хийгээд гадаадын гайхамшигт зохиолчдын бүтээлийг зав чөлөөгүй уншин судлаж байсан тухай тэр цагт хамт суралцаж байсан нөхөд нь дурсан өгүүлсэн байдаг. Яруу найраг үнэхээр Г.Сэр-Одыг соронздон татаж байлаа. Тэр цагийн утга соёлын сэтгүүлд анхны шүлгүүд нь хэвлэгдэж, үнэхэр авьяаслаг яруу найрагч болохоо харуулжээ. Гэвч тухай нь цагт түүнийг хэн ч олж хараагүй юм. Түүний амьдарч байсан цаг үе хэтэрхий түгшүүртэй, хэтэрхий аймшигтай  байв. Агуу их Дашдоржийн Нацагдорж цэл залуухан 31  насандаа, Содномбалжирийн Буяннэмэх, Мөрдэндэвийн Ядамсүрэн, Ширнэнгийн Аюуш, бүгд 30 гаруйхан насандаа улс төрийн хэрэгт гүтгэгдэн амиа алдаж, Цэндийн Дамдинсүрэн, Донровын Намдаг, Бямбын Ренчин нар мөн л хилсээр гүтгэгдэн шоронд хоригдон хэлмэгдэж, монголын уран зохиолын өргөө  эзэнгүй, оюун санааны ертөнцөд харанхуй хаанчилж байлаа. Тэр л цагт багшийн сургууль төгссөн, улсын хэвлэх үйлдвэрийн ажилтан Г.Сэр-Од өөрийн төрсөн нутагт багшлахаар алсын замд гарсан нь ямар нэгэн учир шалтгаантай хэрэг гэж үзэх үндэс бий билээ. Эдүгээ хүртэл Сэр-Одын амьдралын сүүлчийн өдөр хоногуудын талаар хэн ч мэдэхгүй. Ямар учраар цэл залуухан 23 хан насандаа яруу найрагч тэнгэрт хальсныг таашгүй. Чухам л он цагийн тэртээд хээрийн салхи л түүний сүүлчийн агшны гэрч болсон биз ээ.   Гэвч Монгол яруу найргийн ертөнцөд түүний нэр балраагүй юм. Харин ч он цагийг  давах тусам Гомбын Сэр-Одын суу алдар   дуурьссаар байна. “Царцаахай часхийх төмөрлөг дуун намрыг урин шагширна” хэмээх гайхамшигт мөр болоод “ Дөмөн”, “Хавар, “Намар”, “Улирал ба би” “Ээждээ” зэрэг уянгын тансаг шүлгүүд нь  үе үеийн яруу найрагчдын сэтгэл зүрхэнд эгшиглэсээр авай. Хэрэвзээ Гомбын Сэр-Одын яруу найргийг ямар нэгэн зүйлтэй зүйрлэ гэвэл ямар эргэлзээгүйгээр  “цавчим өндрөөс сацран бууж буй уулын горхины тунгалаг устай” зүйрлэхийг хүснэм. Тэр л тунгалаг ус мэт шүлгүүд нь,эртний монголын сонгодог яруу найргийн хүчтэй уламжлалыг өөртөө шингээж, шинэ цагийн шинэлэг сэтгэлгээг тусгаж , зөвхөн Сэр-Одын гэсэн өнгө төрхийг монголын уран зохиолд үлдээж чадсаныг онцгойлон дурьдах нь зүй биз ,ээ
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 429 удаа

Сэтгэгдлүүд

2017-12-13 -

Бичсэн: Зочин
Буйдан баатарыг тавиад өг
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 29244 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 31 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн